m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.22 07:50
724
ӨМНӨГОВЬ , ДОРНОГОВЬ аймагт УУЛ УУРХАЙН үйл ажиллагаа явуулдаг КОМПАНИУД ажилтнуудынхаа ээлжийг хэрхэн солих вэ?

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс болон Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тавдугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар уурхайн ажилчдын ээлж солилтыг зогсоож, уурхайн ажилчдыг вакцинжуулах ажлын бэлтгэлийг хангаж, дархлаажуулалтыг эрчимжүүлсэн. Харин энэ сарын 23-наас ээлж солилцох ажлыг эхлүүлэх гэж байна.

Улсын онцгой комиссын 18 дугаар хурлын тэмдэглэлийн 3.1 заалт болон Улсын онцгой комиссын даргын 46 дугаар тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам”-ын дагуу уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн туслан гүйцэтгэгчид,  ханган нийлүүлэгчид, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, тээврийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солих ажлыг 2021 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлж байгаа юм.

Өмнөговь болон Дорноговь аймгуудад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ээлж солих тухай хүсэлтээ ээлжинд гарах болон ээлжээс буух ажилчдын судалгаа/Хавсралт 1/-ны хамт Улсын онцгой комисс/УОК/-ын шуурхай штабт хүргүүлж, хувийг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын алба/ГХУУХҮУА/-ны Шуурхай штабын цахим хаяг/erdenetsetseg@mmhi.gov.mn/-аар илгээнэ.

ГХУУХҮУА-ны Шуурхай штабаас ээлж солихыг нь зөвшөөрсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг УОК-ын Шуурхай штабт хүргүүлснээр тухайн аж ахуйн нэгжийн хүсэлт хянагдаж, зөвшөөрөл олгогдоно. УОК-ын Шуурхай штабаас Цагдаагийн ерөнхий газарт зөвшөөрлийг хүргүүлж, нийслэл, орон нутгийн постуудад мэдэгдсэн даруй аж ахуйн нэгжүүд ээлжинд гарах болон ээлжээс буух ажилчдын тээвэрлэлтийг хийж эхлэх болно.

Бусад аймаг, орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгийнхаа Онцгой комиссоос тавьж буй  шаардлага, мөн “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам”-д заасан шаардлагуудыг хангаж, ажилчдынхаа ээлжийг солих боллоо.

Ээлж сольсон тухай мэдээллийг хугацаа алдалгүй ГХУУХҮУА-ны Шуурхай штабын цахим хаягаар Хавсралт 2 маягтын дагуу мэдээллэхийг мэдэгдэж байна.

Жич: Өмнөговь болон Дорноговь аймгуудад үйл ажиллагаа эрхэлж буй уурхайнуудын туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, тээврийн гэрээт аж ахуйн нэгжүүд нь толгой компаниараа дамжуулан нэгдсэн журмаар хүсэлтээ илгээнэ.

Эх сурвалж: Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штаб