Боловсрол
2022.02.23 17:04
10546
СУРВАЛЖЛАГА: Эцэг эх нь ном уншдаг хүүхэд утасны хамааралтай болдоггүй

Бидний амьдарч буй нийгэм бол техник, технологи хурдацтай хөгжсөн үе юм. Та ном уншдаг уу гэж асуувал сургуульд суралцаж байхдаа номын хуудас эргүүлж, түүнээс хойш номноос хөндийрсөн хэмээн ярих хүн цөөнгүй. Тэгвэл хүүхдийг багаас  нь номтой нөхөрлүүлэхийн ач холбогдлын талаар “Хүүхдийн төв номын сан”-аас сурвалжиллаа.

Хаалгаар ороход цэвэрхэн тохилог орчин угтах бөгөөд оюундаа хөрөнгө оруулалт хийж, чимээгүйхэн номын хуудсаа эргүүлэх хүмүүс жаргалтай харагдана.

Өдрийн 14.00 цагийн үед номын сан сэлүүхэн байв. “Хүүхдийн төв номын сан” нийт 32 ажилтантай, уншлагын  зургаан танхимтай бөгөөд гадаад, монгол хэлний гэж хуваадаг байна. Гадаад хэлний танхимд нь Өрнө, Дорно, Герман хэл дээрх номыг уншина.  Харин монгол хэлний танхим нь Их мэдэх, Мөрөөдөп, Боловсрол хэмээн ангилдаг.

Тус номын санд 2022 онд шинээр карт нээлгэхээр 300 гаруй уншигч зорин ирсэн аж. Тэд өөрт хэрэгтэй сонирхсон номоо танхимаар уншихын зэрэгцээ хүссэн номоо гэрээр авах боломжтой.

Уншлага  үйлчилгээний хэлтсийн дарга Б.Арьяа: Хүмүүс номын сан нээгдэхийг үнэхээр их хүлээжээ

“Гэрээр ном аваад 7-14 хугацаанд буцаан өгдөг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан номын сангийн үйл ажиллагаа бага зэрэг доголдсон. Харин одоо бол үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсээр байна. Учир нь хүмүүс номын санг үнэхээр их хүлээжээ. Уншигчид ухамсраараа халуунаа үзүүлээд, гараа ариутгаад, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барин үйлчлүүлж байгаа нь бахархууштай. Бүхий л чиглэлийн номоор фондоо баяжуулсан. Жилдээ уншигчдад зориулсан олон ажлыг зохион байгуулдаг.  Өдөрт манай номын сангаар дунджаар 60-100 хүн  үйлчлүүлдэг. Ер нь хүмүүс ном уншихгүй байх шалтгаан нь утга найруулга, зөв бичгийн дүрэм, хэрэгцээ үл хангах болон уншваргүй бүтээл гарч буйтай холбоотой.”

Номын сангаар зорин ирж үйлчлүүлж буй уншигчдийн сэтгэгдлийг хуваалцаж байна.

Сурагч Г.Золбоо: Уншигч хүн алдаагүй зөв бичиж, мэдлэг мэдээллээр дүүрэн байдаг

“Ихэвчлэн утга зохиолын ном унших дуртай. Сүүлийн нэг жил хүүхдийн номын санг зорин ирж үйлчлүүлж байна. Гэрээр байнга ном авдаг. Долоо хоногт хоёроос гурван удаа зорин ирдэг. 

Бидний үеийн сурагчид үзэл бодлоо бичгээр илэрхийлэх чадвар дутмаг, буруу бичих тохиолдол ажиглагдаад байдаг. Үүнийг би ном уншдаггүйтэй холбоотой гэж боддог. Бичгийн соёл бол хамгийн том соёл юм. Уншигч хүн алдаагүй зөв бичиж, мэдлэг мэдээллээр дүүрэн байдаг.”

Номын сан бол хүнийг соён гэгээрүүлдэг буянтай газар. Шинэ ном ирсэн үе хамгийн гоё хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярина. Улс орныг ном уншдаг хүн хөгжүүлнэ. Тиймээс залуу үеийнхэн маш сайн уншигч байх хэрэгтэй.

Номын санч Г.Дарьсүрэн: Томчууд номонд хойрго хандаж байна

  “Их мэдэх танхим нь 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчилдэг. Ковидоос өмнө үйлчлүүлэгч ихтэй байсан. Одоо хэвийн горимдоо орох гээд л байна. Уншигчдын хувьд номын санч бол зөвлөгч, туслагч нь юм. Хүүхдийн хүмүүжил бол гэр бүлтэй шууд холбоотой.

Ээж нь утас өгөөд сургачихвал ном уншихгүй. Аав ээж нь ном уншдаг бол хүүхэд ном уншина. Учир нь гэр бүлийнхнээсээ хүүхэд үргэлж суралцдаг. Номын санд хүүхдүүд ном сайн уншдаг. Томчууд номонд хойрго хандаж байна. Гэр бүлүүддээ хандаж хэлэхэд өдөр бүр номтой нөхөрлөх 15 минутыг үлгэрийн цаг  болгоосой” гэв.

Номын сантай танилцаж байх үеэр хүүхдэдээ ном авч буй ээжтэй таарлаа. Тэрээр тус номын сангийн байнгын үйлчлүүлэгч аж. Тэрбээр зургаан жил хүүхдүүдтэйгээ ном уншиж буй оюунлаг ээж байсан бөгөөд цахим орчноор ном унших соёлыг түгээж, богино хэмжээний бичлэг, влог хийж, пэйж хөтөлдөг байна. 

Номч гэр бүл пэйжийн админ Д.Мянганбаяр: Нийгэмд хүнлэг иргэн дутагдаж байна

“Хоёр хүүхдэдээ нас насанд нь тохирсон ном авдаг. Хүүгийнхээ нэр дээр уншигчийн үнэмлэх нээлгэсэн. Чингис хаан цуврал номыг их дуртай уншиж байгаа. Охины минь нас бага учраас зураг ихтэй ном аваад хамтдаа уншдаг. Хүүхдээ гурван сартайгаас нь эхлүүлээд л ном уншиж өгсөн. Орой бүр ном унших дадалтай.

Ном уншсанаар хувь хүний танин мэдэхүй сайжирдаг. Бас ухаан нь тэлж, аливаад тууштай, бусдыг ойлгох ухаан суудаг. Нийгэмд хүнлэг иргэн дутагдаж байна. Иймээс л ном унших хэрэгцээ дутагдаж байна гэж хардаг.” 

Б.Нямсүрэн