Сүүлийн үед нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Үр хөндөлтийн түвшин тууштай буурахгүй байна. Эдгээр нь үргүйдлийн түүнчлэн умайн хоргүй болон хортой хавдруудын эрсдэлт хүчин зүйл болсоор байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд зулбалт, өсөлтгүй жирэмсэн, ургийн хөгжлийн саатал, цус алдалт, амьгүй төрөлт түүнчлэн дутуу төрөлт, дутуу нярайн эндэгдэл зонхилох хувийг эзэлсээр байгаа нь умайн хоргүй хавдрын шалтгаантай байх нь олонтой тохиолдож байна.
Умайн хоргүй хавдрын тохиолдол нийт нөхөн үржихүйн насны Монгол эмэгтэйчүүдийн дунд 20-50 хувь, 50-иас дээш насанд 60-70 хувь, эмэгтэйчүүдийн нийт мэс заслын 45 хувийг умайн хоргүй хавдрын заалтаар умайг авах мэс засал эзэлж байна.
Иймээс эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй өвчлөлийг бууруулах, дэлхий нийтээр хэрэглэж буй орчин үеийн, дэвшилтэт, эрхтэн хадгалах зорилготой, хөнөөл багатай хийгддэг эмчилгээний аргуудыг Монгол улсын эмэгтэйчүүдийн өвчний практикт нэвтрүүлэх чиглэлээр олон ажил хийгдэж байна. Үүний нэг нь онол практикийн хурлыг “Өргөө” амаржих газраас зохион байгуулж,гадаад дотоодын судлаач эмч нарын дунд зохион байгуулжээ.