Нийгэм
2022.08.22 17:54
1114
СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР “ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлого хариуцсан зөвлөх бөгөөд Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнтэй уулзалт хийлээ.

Мөн уулзалтад СХЗГ-ыг төлөөлөн:

  • Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр,
  • Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Б.Эрдэнэзул,
  • Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийг төлөөлөн:

  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Амаржаргал
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо

     

   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Тус тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 10 гаруй байгууллага хамтран ажиллах шаардлагатай байгаа бөгөөд Стандарт, хэмжил зүйн газар хүнс, хөдөө аж ахуйн салбарын стандартыг хангахад гол үүрэг гүйцэтгэх юм.

СХЗГ-ын дарга Б.Билгүүн хэлэхдээ “ Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг манай байгууллага дэмжин ажиллах болно. Ялангуяа хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүнс үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах болно. Мөн хүнсний салбарт 153 стандарт шинэчлэх шаардлагатай байна” гэлээ.

Тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2.2.1-т Мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх,  хүнсний сүлжээний үе шат бүрд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх тухай заасан байдаг. Тус төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх байгууллагад Үндэсний итгэмжлэлийн төв болон Стандарт хэмжил зүйн газрыг нэмэх шаардлагатайг уулзалтын үеэр онцолж байлаа.

Мөн Стандарт, хэмжил зүйн газраас хүнсний хэлхээнд буюу түүхий эд бэлтгэл, хүнс тээвэрлэлт, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэгч, хүнстэй харилцдаг бараа материал үйлдвэрлэгч, хоол үйлдвэрлэгч, хүнс үйлдвэрлэгч зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан хүнсний аюулгүй байдлын талаарх мэдээ, мэдээллийг 2022 оны 08-р сарын 25-ны өдрийн 11:00 цагт онлайнаар хүргэх гэж байна.