Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2022.08.23 12:08
2762
МХЕГ: Ховд, Сэлэнгийн тарваснаас нитрат, пестицидийн эерэг дээж илрээгүй

МХЕГ: Жил бүр улсын хэмжээнд тариалагдсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний чанар, аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээт хяналт шалгалтыг хийдэг. Өмнөх онд хийгдсэн шинжилгээт хяналтаар тарвасны дээжинд тодорхойлогдох нитратын үлдэгдэл стандартын шаардлага хангаж байсан. Энэ жил Дархан-Уул аймаг гурван га талбайд тарвас тариалсан бөгөөд болц нь гүйцээгүй, хураалт хийгдэж худалдаанд гараагүй байна.

Сэлэнгэ аймаг  56,9 га талбайд тарвас тариалснаас наймдугаар сарын 19-ний байдлаар 112 тонныг хураан авч нийслэл болон Дархан-Уул аймагт худалдаалагдах 71 тонн тарвасанд гарал үүслийн гэрчилгээ олгосон. Хоёр дээжинд нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлоход стандартын шаардлага хангаж байна.

Ховд аймаг 532.3 га талбайд тарвас тариалсан бөгөөд худалдаанд буй тарвас, бусад хүнсний ногоо зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний дээжид нитрат, ХОП, ФОП-ийн үлдэгдэл тодорхойлох, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн шинжилгээ хийж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт тариалан, хүлэмжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд нийтийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор тарвас тариалаагүй. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй Ховд, Сэлэнгэ аймгаас нийлүүлэгдсэн тарваснаас дээж авч нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж байна. Одоогоор шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнд эерэг дээж илрээгүй, стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.

Иргэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд анхаарч, зарим тохиолдолд өөрсдийн багажаар шинжилж байгаа нь сайшаалтай хэдий ч түргэвчилсэн багаж алдаа ихтэй байх нь нийтлэг тул стандартын байгууллагаар баталгаажсан багаж ашиглах нь зүйтэй.

Тарвас  нь сорт, төрлөөс хамааран харилцан адилгүй өнгө, амт, хэмжээтэй байх боломжтой бөгөөд та дараах зөвлөмжийн хүрээнд тарвас худалдан авахыг зөвлөж байна.

1.Гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн худалдан авах;

2.Наранд хэт халсан, хадгалалтын горим алдагдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй тарвас худалдан авахаас зайлсхийх;

3.Стандартын байгууллагаар баталгаажсан гар багаж ашиглах.

4.Баталгаажсан гар багажаар бүтээгдэхүүнд шинжилгээ хийх явцад шинжилгээний дүн эерэг гарвал тухайн худалдааны газар болон иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлж тус бүтээгдэхүүнээс  зохих журмын дагуу дээж авахуулж итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах;