Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Өнөөдрийн маш чухал, сайн мэдээ бол 2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоол буюу "Эрдэнэт үйлдвэр ХХК", “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр, төлбөрийг харилцан суутгах, хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулах гэсэн УИХ-ын тогтоол, мөн 2018 оны ҮХЦ-ийн дүгнэлт байгаа.
Тэр дүгнэлтээр мөн л ижил утгатай, 49 хувийг худалдаж авсан Mongolian Copper Corporation компанид өр төлбөрийг нь барагдуулах замаар харилцан суутгал хийж, 49 хувийг улсад бүрэн авах гэсэн ийм утга агуулгатай Цэцийн дүгнэлт болон УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах дараагийн удаах ЗГ-ын шийдвэр гарлаа.
Эхний шийдвэр 2022 оны зургаадугаар сард гарсан байгаа. 160 тэрбум төгрөгийн харилцан суутгал хийх. Энэ удаа Монгол банкны Худалдаа Хөгжлийн банкнаас авах авлага буюу ХХБ-наас Монгол банканд төлөх төлбөр 480 тэрбум төгрөгийг суутгаж авснаар нийт 580 гаруй тэрбум төгрөгийн харилцан суутгал хийх дүн ЗГ-ын шийдвэрээр батлагдлаа.
Ингэснээр Монгол улс маань Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь Монгол улсын өмч болгох томоохон алхам урагшилж байна. УИХ-ын тогтоолын биелэлт хангагдаж байна гэсэн үг.