Ерөнхийлөгч
2022.08.27 15:40
2683
Зам, тээврийн хөгжлийн яам “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хамтарч хэрэгжүүлнэ

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд  болон холбогдох албаны дарга нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022-2027 онд хэрэгжүүлэх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ахалж байгаа бөгөөд УИХ-ын 36-р тогтоолын эх хувилбарыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хүлээлгэн өгөв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр /автомашин, вагон, онгоц/ тоноглогдсон тээврийн паркийг шинээр бий болгох, дотоодын болон экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан.

Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч, уур, дулааны эх үүсвэр, шатахуунаар тогтвортой хангах;

-Хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зээл, татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх;

-Хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслийн парк байгуулахад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг тодорхой ажлуудыг Зам, тээврийн хөгжлийн яам бусад чиг үүргийн яамдтай хамтран хэрэгжүүлнэ.

Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Л.Халтар “Хүнсний хангамж, аюулгүй байдал гэдэг бол улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндтэй холбоотой маш чухал асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг таван жилийн хугацаанд орон даяар өрнүүлэхэд төрийн 20 гаруй байгууллага хамтран ажиллана. Ингэхдээ УИХ-аас баталсан 36-р тогтоолд тусгасан таван бүлэг, 49 заалт, 116 арга хэмжээг 2022-2027 оны хооронд хэрэгжүүлж 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилттойгоор ажил эхлээд байна.