Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.08.29 19:36
5080
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд хуулийн хүрээнд бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхээр хуралдаж байна.

УИХ-ын Чуулган 56,2 хувиар ирц бүрдэж, хуралдаан эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ Засгийн газрын шинэ бүтцийг УИХ-д танилцууллаа. Шинэ бүтцэд ЗГ үндсэн чиглэлийн 4 яам, чиглэлийн 12 яамтай байхаар тусгажээ. Эдийн засгийн хөгжлийн яам ЗГ-ын тэргүүлэх зэргийн яам байх бол боомтын асуудал хариуцсан Үндэсний хороо байгуулна. Үндэслэлээ Ерөнхий сайд ингэж тайлбарлалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюутолгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, экспортын төмөр замын 4 шинэ гарцыг Боомтын сэргэлтийн хүрээнд эрчимжүүлж, хил холболтын цэгүүдийг амжилттай тохиролцож чадлаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станцын асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Дэлхий геополитикийн давалгаанд тэсч үлдэж, хохирол багатай даван туулж, олон жил гацсан томоохон төслүүдийг цаг алдалгүй урагшлуулахын тулд Ерөнхий сайдын хувьд хуулийн хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах үүднээс Засгийн газрын бүрэлдэхүүнд Боомтын болон нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах асуудлыг шууд эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх нь зүйтэй гэж үзлээ. Эдийн засаг, хөгжлийн яамыг ерөнхий чиг үүргийн тэргүүлэх яам болгож, хөгжлийн бодлого төлөвлөлт, томоохон төсөл хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангахаар тусгалаа.