Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.09.05 19:27
5511
Хятад, Вьетнамд үйлдвэрлэсэн Сакура, Слава, Сүши, Japonica будааг Орос, Япон будаа мэт иргэдийг төөрөгдүүлжээ

ШӨХТГ-аас импортын будааны хаяг шошгожилтод хяналт шалгалт хийжээ.

Савалсан цагаан будааны гарал үүсэл, савалгаа, хаяг, шошгожилтийн мэдээлэл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.

Хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчдийн зах зээлд савлан худалдаалж байгаа будааны хаяг, шошгожилтод оноосон нэр өгөх замаар барааны тэмдэгээр бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийгдсэн боловч тодорхой нэг орны бүтээгдэхүүн гэж ойлгогдоход чиглэгдсэн оноосон нэр хэрэглэх, төөрөгдөхүйц мэдээлэл загвар бүхий савалгаа ашиглаж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна гэж үзэж байна.

Тухайлбал, БНХАУ, БНСВАУ-д үйлдвэрлэсэн /тариалсан ургац/ боловч Монгол Улсад савласан будааны хаяг, шошгололтод “Сакура”, “Слава”, “Сүши”, “Japonica” нэршлээр савлан худалдаалж байна. 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй: 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;” гэж заасан. Мөн      Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.” гэж заасан.