Нийгэм
2022.09.07 08:53
547
Шадар сайд С.Амарсайхан Гамшгийн бэлэн байдлыг хангах Азийн орнуудын сайд нарын бага хуралд оролцоно

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын сайд нарын бага хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцоно.

Үүнтэй  холбогдуулан ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж, бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Бид өмнө гамшгийг зөвхөн үер, ган зуд, түймэр, салхи шуурга гэх мэт байгалийн болзошгүй эрсдэлийн хүрээнд хардаг байсан бол одоо олон улсын нөхцөл байдал, цаг үеийн шаардлагад нийцүүлэх нь зөв юм. 

ОБЕГ-ын үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой төлөвлөх, богино хугацаанд шинэчлэх шаардлагатай боллоо. Гамшгаас урьдчилан сэргийлнэ гэдэг бол иргэд, олон нийтийн оролцоог хангах, мөн мэргэжилтнүүдээ чадавхжуулахад оршино.

Аливаа гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардал нь гамшгийн дараах зардлаас ямагт бага байдаг” гэж онцолсон. Энэ хүрээнд мэргэжилтнүүдэд хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, - ОБЕГ-ын үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой төлөвлөх, богино хугацаанд шинэчлэх, - Гамшгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, - Техник технологийг шинэчлэх, чадвартай боловсон хүчний томоохон баг бэлтгэх, - Салбарын уялдаа холбоог сайжруулах ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээс гадна иргэдийн оролцоог сайжруулах чиглэлээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх иргэний хамгааллын ажлыг бүх шатанд тогтмол зохион байгуулж, сургуулийн өмнөх, ЕБС, Их дээд сургуулиудад тусгайлсан хөтөлбөрөөр сургах ажлыг эхлүүлэх нь чухал байгааг онцолсон юм.