Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг дөнгөж сая үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.
Ж.Соронзон нь сургуулийнхаа ажилтанг өрөөндөө зодсон болон сургуульдаа хүүхэд элсүүлэхийн тулд авилга авсан байж болзошгүй баримтыг сэтгүүлч С.Будрагчаа дэлгэх явцдаа сургуулийн орос ажилтан, эцэг эхчүүдийн халдлагад өртсөн.
Уг асуудалтай холбогдуулан Ж.Соронзон хариу тайлбар хийхдээ сэтгүүлч С.Будрагчаагийн гэр бүлийн нэр хүндэд халдаж, боловсролын байгууллагад хэзээ ч байж болохгүй ёс зүйгүй , бүдүүлэг үйлдэл гаргасан юм. Тиймээс энэ мэт ёс зүйгүй хүн боловсролын салбарт ажиллах нь зүйд нийцэхгүй хэмээн олон нийт шүүмжилж байна.
Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын талын удирдах зөвлөлд хүргүүлэхээ өчигдөр мэдэгдсэн юм. Мөн МСНЭ-ээс хууль хяналтын байгууллага түргэн шуурхай, үнэн зөвөөр шалган шийдвэрлэж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардсан билээ.