Нийгэм
2022.09.13 15:58
2376
Сурагчдын “Үдийн хоол”-нд эцэг эхчүүдийн дэмжлэг, хяналт хэрэгтэй

Өдөрт хангалттай хэмжээний шим тэжээл авч чадаагүйн улмаас сар бүр 550 мянга гаруй хүүхэд тураалд орж, дэлхий даяар 47 сая хүүхэд хоолны дутагдалд орсны улмаас ямарваа нэг өвчин, эмгэг тусаж байгаа гэдгийг НҮБ-аас мэдээлсэн. Тухайлбал, хүүхдийн өсөлт хөгжил зогсох, байнга сульдах, ядрах гэх мэт шинж тэмдэг илрэхээс гадна алсдаа ямар нэгэн суурь өвчтэй болох магадлал өндөр байдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг.  Харин үүнээс сэргийлэхийн тулд өдөр бүр хүүхдэдээ шим тэжээл сайтай хоол өгөх нь хамгийн энгийн бөгөөд сайн арга юм.

Манай улсын ерөнхий боловсролын сургууль жилийн гурван улиралд хичээллэдэг бөгөөд 6-18 насны хүүхдүүд өдрийн ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг. Энэ хугацаанд сурагчид хангалттай хэмжээнд шим тэжээл авч байх хэрэгтэй. Боловсролын яамнаас гаргасан судалгаагаар,  нийт сурагчдын 40 орчим хувь зөвхөн сургууль дээрээ л халуун хоол иддэг. Энэ нь өдөрт авах ёстой илчлэгийнх нь 50-хан хувийг хангадаг  гэсэн баримт бий. Мөн, зарим сургуулиудын хувьд цайны газаргүй эсвэл цайны газарт нь түрээсээр ажиллах хүн олддоггүй учир бэлэн бүтээгдэхүүнээр сурагчдаа хооллодог.

Өнгөрсөн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ноогдох үдийн хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 төгрөг болгож нэмсэн. Үдийн цай хөтөлбөрөөр хатсан талх, боорцог хугацаа нь дууссан бүтээгдэхүүн өгдөг гэх шүүмжлэл дагуулдаг байсан. Харин “Үдийн хоол” болгосноор шим тэжээл, чанар нь сайжирч халуун хоол идэх нөхцөлийг бүрдүүлсэн.  

Мөн үдийн хоолны зардал нэмэгдсэнээр шөлтэй хоол, будаатай хуурга, пирошки, салат, жимсний шүүс зэргээр ээлжлэн порц хоол өгнө гэж төлөвлөсөн. Гэвч бодит байдал дээр порц ихтэй, шим тэжээл сайтай хоолоор сурагчдыг хангаж чадахгүй байгаа юм. Хэдий хоолны зардал нэмэгдэж 1500 төгрөг болсон ч ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд хангалттай хэмжээний илчлэгтэй хоол өгнө гэдэг бэрх.

Улсаас үдийн хоолны зардлыг гаргахдаа зөвхөн хоолны материал буюу түүхий эдийг тооцоолдог. Үүнээс гадна тогоочдын цалин, хоол хийхэд хэрэгтэй бусад урсгал зардлуудыг тооцдоггүй. Уг асуудлаас үүдэн сургуулийн цайны газарт тогооч хийх хүн олддоггүй. Цалин бага, ажлын нөхцөл хэцүү учир сургуулиас өөр хангамж сайтай газар ажилласан нь дээр гээд ажлаа орхидог. Тиймээс чанартай, порц ихтэй хоолоор сурагчдыг хангахад төсөвлөсөн мөнгө нь хангалттай хэмжээнд хүрэлцдэггүй тухай сургуулийн тогооч нар учирладаг.

Мөн үдийн хоолны төсвийг тооцохдоо намар хүнсний ногоо болон гол нэрийн бүтээгдэхүүний үнэ хямд үед дүнгээ гаргадаг. Харин хаврын улиралд барааны үнэ өсөж, хүнсний ногоо ховорддог. Энэ үед байгаа мөнгөндөө тааруулж бүр л орц муутай хоол өгөхөөс өөр аргагүйд хүрдэг.

Тэгвэл хөдөө орон нутгийн сургуулиудад үнийн өсөлттэй холбоотой бэрхшээл илүү хүнд тусдаг.  Хэрэв хүнсний ногоо хадгалдаг зориулалтын зоорьтой бол намар ногооны үнэ хямд үед аваад нөөцлөхөд дээрх асуудал гарахгүй. Энэ мэт сургуулийн эргэн тойронд шийдэх, хийх хэрэгтэй олон ажил байсаар байна.

Харин нөгөө талд хувийн сургуулиуд 1-12 дугаар ангийн сурагчдадаа өдөрт хоёр удаа үдийн хоол өгдөг. Ингэхдээ улсаас олгодог 1500 төгрөг дээр нэмж зардал гаргаж сурагчдаа хооллодог. Тэгвэл улсын сургуулиудын зөвхөн 1-5  дугаар ангийн 370 гаруй мянган хүүхэд уг хөтөлбөрт хамрагддаг. Түүнээс дээш ангийн хүүхдүүд өглөө  хоосон гараад гэртээ харьтлаа юм идэхгүй байх тохиолдол элбэг. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сурагчдын 70 хувь нь өглөө хоосон ходоодтой хичээлдээ ирдэг. Хоосон ходоодтой хүүхдийн тархи ажилладаггүй, сурах идэвх бага” байдаг тухай хэлсэн. Үдийн хоолноос  хүүхдүүдийн эрүүл мэнд, биеийн хөгжил, анхаарал төвлөрөлт, аливааг хүлээж авах байдал зэрэг олон асуудал хамаардаг.

Тиймээс хөндөөд л өнгөрөх сэдэв биш юм. Уг асуудалд ул суурьтай хандаж үдийн хоолны хэмжээ, шим тэжээлийг хангалттай хэмжээнд хүргэхэд анхаарч зөвхөн улсад даатгах биш эцэг, эхчүүд ч мөн оролцоогоо нэмэх шаардлагатай байна.