Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2022.10.07 15:55
2276
ТӨСӨВ 2023: Хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлж 90 тэрбум төгрөгийг тусгажээ

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны Улсын төсвийг хэлэлцсэн. Чуулганы хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, эрүүл мэндийн салбарт тусгасан төсвийг танилцууллаа.

Эрүүл мэндийн салбар 2021 оноос гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжсэн. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөс ирэх 2023 оны төсөвт зарим тусламж, үйлчилгээний тарифыг инфляцын өсөлттэй уялдуулан өөрчилж, нэр төрлийг нь нэмэж оруулжээ.

Иймд 2023 оны төсөвт ЭМДСангийн нийт төсвийг нэг их наяд 481 тэрбум төгрөгөөр төсөвлөж оруулсан талаараа Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа онцоллоо.

Өнөөдрийн байдлаар ЭМД-ын сан 705 оношийн бүлгээр эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтийг гүйцэтгэлээр нь олгож байгаа аж.

Түүнчлэн Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс орон даяар иргэн бүрийг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг хийж эхэлсэн. Уг ажилд энэ онд 60 тэрбумыг батлуулсан бол ирэх онд тус төсвийг нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан гэв.

Харин хөнгөлөлттэй эмийн хувьд энэ онд 67 тэрбум төгрөг төсөвлөгдсөн ч дэлхий дахинд үүссэн эдийн засгийн хямрал, тээвэр логистикийн хүндрэлтэй холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ өсөж, иргэд өнөөдрийн байдлаар 80 гаруй тэрбум төгрөгийн эмийг хөнгөлөлттэй үнээр авсан байна.

Тиймээс 2023 оны төсөвт хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлж, 90 тэрбум төгрөг болгон оруулсан учраас ирэх онд ямар нэгэн эрсдэл гарахгүй хэмээн үзэж байгаа аж. Ташрамд дурдахад төрөөс 590 нэр төрлийн эмийг 30-100 хувь хүртэл хөнгөлж байгаа билээ.

Энэ оны хувьд Эрүүл мэндийн салбарт лавлагаа шатлалын болон дүүрэг, орон нутгийн эмнэлгүүд эмч, ажилчдынхаа цалинг 10-40 хүртэлх хувиар нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөө сайжруулах, ажилчдынхаа нийгмийн асуудлыг нь шийдэх зэрэг дорвитой алхамуудыг хийсэн. Цаашид хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналтын тогтолцоог бэхжүүлэх зэрэг олон шат дараатай ажлууд хэрэгжих талаар Эрүүл мэндийн сайд дурдсан юм.

Ямартай ч ирэх онд Засгийн газар Эрүүл мэндийн салбарт гал алдахгүй байх бүх талын эрсдэлийг тооцож, төсөвт төслөө оруулжээ.