Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2022 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 6 дугаар уулзалтад оролцож, үг хэлсэн юм.
Тэрээр “Дээд түвшний уулзалтад оролцож буй нийт төлөөлөгчдөд АХАИББХ байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, тус бага хурлын хөгжлийн дараагийн зорилгыг тусгасан “АХАИББХ-ын шинэчлэлийн тухай Астанагийн мэдэгдэл”-ийг гаргаж байгаа нь хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж, олон улсын тавцанд гүйцэтгэх үүргийг улам нэмэгдүүлж байна” хэмээн онцолсон юм.
Дээд түвшний 6 дугаар уулзалтаар тус бага хурлыг Казахстан Улс 2022-2024 онуудад дахин даргалахаар болж, тус бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирлаар Казахстан Улсын иргэн Кайрат Сарыбайг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.