Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.10.17 13:21
843
УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг Дархан-Уул аймгийн "Од- цогцолбор сургуульд танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан. 5 бүлэг 42 зүйл 114 арга хэмжээ бүхий тус тогтоолд сургуулийн хүүхдийн хоол хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай заалт тусгагдсан.

Тус заалтыг ажил хэрэг болгоход БШУЯ болон "Үдийн хоол" хөтөлбөрийн гүйцэтгэгч байгууллагууд, хүнс нийлүүлэгчид, сургууль, цэцэрлэгүүдийн оролцоо их.

Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 14-ний өдөр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын холбогдох албаны хүмүүс Дархан-Уул аймгийн "Од" цогцолбор сургуулийн "Үдийн хоол" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Мөн уулзалтаар УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын бодлого, хөтөлбөрийг танилцуулж, тогтоолд тусгасан бодлого шийдвэрүүдтэй хэрхэн орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

"Од" цогцолбор сургуулийн хувьд 2022-2023 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 2000 гаруй сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.

2021 оны 9 дүгээр сараас Засгийн газраас “Үдийн хоол” хөтөлбөрийн санхүүжилтийг 900 төгрөг байсныг 1500 болгон нэмсэн. Үүний үр дүнд ерөнхий боловсролын "Од" цогцолбор сургууль түрээсийн гал тогоог сургуулийн цайны газар болгожээ. Ингэснээр “Үдийн хоол”-ны 1500 төгрөг хүүхдэд 100 хувь зарцуулах боломж бүрджээ.

Хүүхдүүдийн сурч хөгжих, өсөж томороход хоол хүнсний шим тэжээл чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд сургууль, цэцэрлэгийн хоолноос өдөрт авах илчлэгийнхээ 50 хувийг авдаг. Гэвч одоо төсөвлөгдсөн мөнгөөр сурагчдын өдөрт авах ёстой шим тэжээлийн 50 хувийг хангахад л хүрдэг. Хүүхдийн хоол хүнсийг бэлтгэхэд эцэг эхчүүдтэй хамтрах, тэдний хяналтыг нэмэгдүүлэх, төсөвт тээвэрлэлтийн болон бэлтгэх зардлыг нэмэх шаардлагатай хэмээн албаны хүмүүс үзэж байна.