Хууль эрх зүй
2022.10.18 10:14
5823
Ноцтой зам тээврийн осол гаргаж, 12 настай охиныг мөргөж, гэмтээсэн ЖОЛООЧИЙН ард хэн байна вэ?

2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэгт зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн бөгөөд тухайн үеийн ослын бичлэг  олон нийтэд ил болсон. 

Тээврийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд энэ оны 10 дугаар 10-ны орой 18 цаг 46 минутын орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж нийт 7 автомашины мөргөж, замаас гарч, явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч М нь найз залуу болох Б-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан гэх. 

М нь мэдүүлэгтээ буцаж эргэх үйлдэл хийх үед дугуй нь замын хашлага даваад, машинаа зогсоож чадаагүй гэж хэлжээ. Тэрбээр жолоодох эрхийн үнэмлэхгүй, осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор түүний шээсэнд тусгай зориулалтын тест тавин шалгахад ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. 

Харин зам тээврийн осолд өртсөн охид одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд  машинд мөргүүлсэн охины нэг хөлийг тайрахаас аргагүй болсон гэсэн бол төд удалгүй  хөл нь зулгарсан, биеийн байдал нь хэвийн гэсэн мэдээлэл гарав. Осолд өртсөн охидын биеийн байдал үнэхээр хэвийн бол сайн хэрэг. 

Гэвч мөргөсөн машины эвдрэл их байхад хүүхдийн биеийн байдал хэвийн, зөвхөн хөл нь зулгарсан гэдэг нь эргэлзээтэй. 

Ноцтой осол гаргасан гэх М-ийн хажууд түүний  найз залуу Б зорчиж явсан гэх бөгөөд Б нь өмнө нь дөрвөн ч удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулж байжээ. Осол гарах үед Б нь мөн л согтуу байсан байна. Тэгэхээр осол гарах үед Б нь согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодож явсан бөгөөд осол гарсны дараа М-д жолоогоо шилжүүлж, хариуцлагаас мултарсан байх магадлалтай. 

Эл зам тээврийн ноцтой ослын ард нөлөө бүхий  аль эсвэл түүний хамаарал бүхий хүн ч байгааг үгүйсгэхгүй. Осол гаргасан этгээд нь цагдаагийн дарга асны хүүхэд ч гэсэн мэдээлэл гарч байна.

Осолд өртсөн охины ар гэрийнхэн  хэвлэлд өгсөн ярилцлагадаа  биеийн байдал нь хэвийн хөлөө тайруулахгүй, муу ёрлож байна хэмээсэн.  Мөн тухайн үед мөргүүлсэн долоон машины жолооч нар ямар нэг  мэдээлэл өгөөгүй байна.