Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2022.10.19/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны арын замд гарсан долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн ослын талаар тайлбар өглөө.
ТЦА-ны мөрдөн шалгах хэлтсийн дарга Н.Хосбаяр "Эхний байдлаар ирсэн шинжээчийн дүгнэлтээр 12 настай хүүхдэд гэмтлийн хөнгөн зэргийн хохирол учирсан. Зүүн өвдөг шалбарсан, баруун өвдөг зулгарсан нь тогтоогдсон.
Шинжээчийн дээрх дүгнэлтэд тулгуурлаж, хохирогчийн гэр бүлээс нэмэлт эрүүл мэндийн байгууллагаар шинжилгээ хийлгэсэн дүгнэлтүүдийг хүлээн авсан. Үүнийг прокурорын байгууллагад өгч, нэмэлтээр шинжээч томилуулан ажиллаж байна.
Тухайн хэрэг дээр иргэдийн эрүүл мэндэд хохирол учирснаас гадна долоон тээврийн хэрэгсэлд эд материалын ангийн хохирол учирсан.
Энэ нь урьдчилсан байдлаар 117 сая төгрөгний хохирол тогтоогдсон.
Шинжээчийн дүгнэлт гарсны дараа эрүүгийн тухай хуулийн 27.10.2-т зааснаар эрүүгийн хэрэгт тухайн жолоо барьж явсан хүнийг яллагдагчаар татахаар санал хүргүүлэхээр ажиллаж байгаа болохыг мэдэгдэж байна. гэв"