m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2022.10.26 11:39
2056
"Самар экспортлогч" аж ахуй нэгжүүд улсдаа ТАТВАРАА төлөөчээ!!!

Байгальд учруулж буй хүний сөрөг нөлөөллөөр жилээс жилд хушин ойн нөөц багасаж байна. Алтыг нь аваад авдрыг нь хаядаг жишээг самрын бизнес эрхлэгчдээр татаж болно. Тодруулбал, Давхардсан тоогоор жилдээ 10 мянга гаруй иргэд самар түүхээр ой руу ордог. Тэд ургасан самрыг нь түүгээд нөхөн сэргээлт, арчилгааны тухай дурдах ч үгүй орхидог. Нэгхэн жишээ дурдая:

- Өнгөрсөн жил Хэнтийн аймгийн тусгай хамгаалалтын газраас "30 саяын төлөө 34 тэрбумын хохирлыг байгаль дэлхийд учруулсан" тухай дурдаж болно. 

Улсын хэмжээнд ойн сангийн ердөө 5,2 хувьд хуш мод ургадаг. Энэ нь хушин ойдоо дээд зэргээр анхаарахгүй бол устаж үгүй болоход тун ойрхон гэсэн үг. Хэдийгээр ойн сангийн маш бага хувийг эзэлж байгаа ч дэлхийд хуш мод ургадаг хоёрхон улсын нэг нь манай улс. Ургадаг баялгийн үр шимийг хүртэх азтай төрсөн бид эх дэлхийгээ хайрлаж нөхөн сэргээлт хийх нь зүйн хэрэг.

Гэвч нөхөн сэргээлт байтугай "самар экспортлогч" аж ахуй нэгжүүд мянга, мянгаар нь самрын идээг экспортлодог хирнээ нэг ч ажилтангүй, улсад төлөх ёстой татвараа хуулийн дагуу төлдөг аж ахуй нэгж байхгүй гэж гуравхан хоногийн өмнө салбарын сайд нь жиргэсэн байх юм !!!!!

Улмаар "Ойн газар"-т тусгай зөвшөөрлийг цуцлахыг үүрэг болголоо. Монгол Улсын иргэн миний үндсэн үүргийн нэг нь "татвар" төлөх биш гэж үү? Үүргээ ухамсарлаад тэвчин байж татвараа төлдөг нэгэн байхад ургадаг баялгийг олон улсад гаргаж үр шимийг нь хүртчихээд хээв нэг суух бүдүүн зүрхтэн байх юм. Өнөөдрийн байдлаар самар боловсруулж гаргадаг 30 гаруй компани бий гэх. Үүний талаас илүү нь компаний гэрчилгээ, тамганаас өөр аж ахуй нэгж гэдгээ нотлох баримтгүй цаасан дээрх компаниуд их бий аж. Эдгээр компаниудыг Б.Соронзонболд гэх нөхөр толгойлдог. Тодруулбал, "Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо" гэж бий. Өөрсдийнхөө эрх ашгийг хөндөгдөхөөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд "мөнгө" цацаж чаддаг энэ байгууллага "яагаад?" улсын төсөвт татвараа төлөх шаардлагыг тавьж болохгүй гэж. Харин ч эсрэгээрээ татвараас зугатах нөхцлийг бүрдүүлж, хил гаалиар бүрдүүлэлт дутуу хийлгэн гаргадаг гэх юм билээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлж, улмаар тухайн байгууллагын ард хэн хамгаалж байгааг хүртэл хэлж байсан удаатай. 

Олон жил ярьлаа. Шаардлаа. Улсдаа татвараа төлөөчээ!!!

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас шүүхэд өгч шүүх дээр ялалт байгуулсан баримт байдаг ч өнөөг хүртэл даналзсан хэвээр байгаа нь өнөөх томоохон улс төрч хамгаалдаг гэх үгийг батлаад өгч буй мэт. 

Тэдний ард хэн байлаа ч "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж" л байгаа бол төлдөг татвараа төлөөд, орон тооны ажилтан албан хаагчдынхаа тоогоор нийгмийн даатгал асуудлыг шийддэг баймаар байна. Энэ зүй ёсны стандарт шаардлагыг Байгаль Орчны яамнаас тавьж мөрдүүлэх шаардлага ч байна. 

Үргэлжлүүлэн бид мэдээллийг та бүхэн эрэн сурвалжилж хүргэх болно.