Татвараас зугатаж, ашгаа нуувал хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Энэ үүргээ биелүүлэх нь иргэн бүхний үүрэг. Гэвч ашигтай ажиллаад ирвэл төр шүлсээ үсэргээд эхэлдэг нь гашуун үнэн. Төр оролцох цаад сонирхол нь хурган дарга нар баяжиж, халаасаа түнтийлгэх. Сүүлийн үед үүсээд байгаа бодит жишээнүүд үүний нотолгоо. Тухайлбал УБТЗ-ын хурган дарга С.Батдөлийн гэрээс 7,3 тэрбумын хэрэг, ҮСХ-ны дарга Б.Батдаваа "250 мянган ам доллар бол их мөнгө биш" гээд хээв нэг ярих кейсүүдээс харж болно.
Төр муу менежер гэдгийг үе үеийн харсаар байж хувийн хэвшлээ тонон дээрэмсээр байх уу? Энэ үйлдлээ хэзээ зогсоох вэ?
МУ-ын Ерөнхий сайд авлигатай тэмцэж байгаад талархаж байна. Гэвч зарим хувийн хэвшлийг "төр" нэрээр дээрэмдэж байгааг яагаад таслан зогсоохгүй байна вэ? Тухайлбал, "Хөтөлийн Цемент шохой" ТӨХК. Тус үйлдвэрийн эзэмшил газар дээр нийтдээ 33 объёокт бий. Тэдгээрийн 2 нь улсын мэдлийн нойтон аргын үйлдвэр. Энэ 2 үйлдвэр аль эрт дампуурсан. Учир нь дэлхийд хоцрогдсон технологиор баригдсан үйлдвэрийг ашиглах боломжгүй. Тиймээс концессийн гэрээгээр үүрэг хүлээгч хувийн хэвшил нь нэгэнт хоцрогдсон технологийн үйлдвэрийг сэргээж цаг, мөнгө үрэхийн оронд хуурай аргын огт ондоо үйлдвэрийг дэргэд нь босгосон байдаг. Ингэхдээ огт байгаагүй авто болоод төмөр зам, эрчим хүчний дэд станцыг "Хөгжлийн банк"-аас зээл авч барьж байгуулсан байна. Ингээд бүтээн байгуулалт дууссан дариуд уг хуурай аргын үйлдвэрийг дэд бүтэцтэй нь ТӨР булаан авч Л.Наранбаатарыг захирлаар нь томилчихсон.
2022 оны 3 дугаар сард засгийн газрын хуралдаанаар гэнэтхэн л хувьчлалыг нь хүчингүй болгох тогтоол гарч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас эрхээ шилжүүлж авсан. ТӨБЗГ-ын өөрсдийнх нь гаргасан 108 тоот тогтоол байсаар байтал өөрсдөө үүнийгээ хүчингүй болгож хувиргасан нь яах аргагүй дээрэм юм.
Ийн дээрэм хийхийн цаад учир нь юу вэ? Хангалттай харлаа. Төр сайн менежер хийж чадахгүйг дээрх жишээнүүд нотлоод байхад дахин яагаад төрд өгөх ёстой гэж.
Л.Наранбаатар хамгийн сүүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр эрчим хүчний дэд станц, авто зам, төмөр зам, хуурай аргын үйлдвэр бүгд өмнө нь байсан мэтээр тайлбар хийж, олон нийтэд буруу мэдээлэл өгсөөр байна. Шинээр босгосон бүтээн байгуулалтын тухай дурдахгүй байгаа хирнээ, тухайн бүтээн байгуулалтыг босгоход авсан зээлийг төлөхгүй гэж байгаа нь анхаарал татаж байна.
Цемент шохойн мэргэжилтэнг сургуульд бус Хөтөлийн үйлдвэрт бэлтгэдэг байсан бол өдгөө тус үйлдвэр мэргэжлийн боловсон хүчин тун цөөхөн болсон нь ажлын байрны тасралтгүй үргэлжлэх зараас харагдаж байна. Угтаа бол МАК, Монполимет зэрэг томоохон үйлдвэрүүд бэлтгэгдсэн боловсон хүчнээ "Хөтөл"-өөс авдаг байлаа.
Бас нэг ноцтой асуудал цемент шохой агуулах ангорын дээвэрт нь маш том онгорхой үүссэн байгаа нь Л.Наранбаатар мэдэж байгаа болов уу? Тайлбарлая. Иргэн би шуудай цемент аваад ил тавьчихвал цас, бороо, чийгэнд бэхжин чулуужиж ашиглах боломжгүй болно. Тэгэхээр цемент агуулах сав эвдрэлгүй, онгорхой цоорхойгүй байх учиртай атал, цас бороо нэвт орохоор онгорхой байгаа нь тус үйлдвэр нөөцгүй болсон уу? эсвэл ...
Энэ мэт "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийг тойрсон асуудал дуусашгүй их байна. Үргэлжлэл бий...