Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.02.10 12:51
800
Сүүлийн өдрүүдэд "халаасны хулгайн" гэмт хэрэг эрс нэмэгдэж байгаа учир зах худалдааны төвүүдээр үйлчлүүлж буй иргэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Нийслэл хотын хэмжээнд 2023 оны 1 дүгээр сард халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл нийт 485 бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 456 зөрчлийн шинжтэй 32 байна. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 77 нэгжээр буюу 15.8 хувиар өссөн байна.

Нийт бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 179 нэгж буюу 36,9 хувь нь гудамж талбайд, 247 нэгж буюу 50,9 хувь нь автобусны буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, 29 нэгж буюу 5,9 хувь нь зах худалдааны төвд, 18 нэгж буюу 3,7 хувь нь үйлчилгээний газар, 12 нэгж буюу 2,4 хувь нь эмнэлэг, сургуульд тус тус үйлдэгдсэн байна.

 Долоо хоногийн Даваа, Лхагва, Пүрэв гаригуудад нийт гомдол, мэдээллийн  55,5 хувь нь бүртгэгдсэн байна. Гэмт хэрэг бүртгэгдсэн цагаар нь авч үзвэл 06-14 цагт 41 хувь, 14-19 цагт 35 хувь нь байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас зах, худалдаа үйлчилгээний газруудаар нэгдсэн эргүүл хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд иргэд томоохон зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаагаар үйчлүүлэхдээ их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явж, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсоор байна. 

Иймд иргэд худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарулж байна.