Монгол улсын Засгийн газраас 5Ш ажиллагааг зарлаж, 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Үүний хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр, "5Ш ажиллагааны хүрээнд төрийн хүнд суртлыг арилгах, төрийн алба хуулиа ягштал мөрддөг байх зорилгыг агуулж төрийн албыг тодорхой хэмжээгээр цэгцлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор Шүүр ажиллагааг хэрэгжүүлж байна.
Монгол улсын төрд төсвөөс цалинжиж байгаа 225 мянган албан хаагчид байгаа бол төрийн болон орон нутгийн өмчийн компаниудад 75 мянга орчим ажилтан ажиллаж байна. Нийт дүнгээр төрийг төлөөлж 300 мянга орчим хүн ажиллаж байгаа юм.
Төрийн албанд байгаа мэргэжлийн бус, хууль бус, тодорхой зөрчлүүдийг үүсгэж томилогдсон хэсгийг төрийн байгууллагаас чөлөөлж, төрийн албыг цэвэрлэх үйл ажиллагааг явуулна. Аль нэг нам, улс төрчийн харьяанд байгаагаас болж төрийн албыг хашдаг, давуу тал болгодог, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ажилладаг энэ явдлуудыг үүгээр таслан зогсоох ёстой.
Шүүр ажиллагааны хүрээнд 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөж байна. Цар тахлын үед Ковидын хуулийг үндэслэж 2000 орчим албан хаагчдыг томилсон. Харин одоо Ковидын хуулиар томилогдсон 2000 гаруй албан хаагчдыг чөлөөлнө.
Дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлж байгаа хүмүүст мэдэгдлийг нь хүргэж, ямар шалтгаанаар чөлөөлж байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирүүлэх ёстой.
Мөн 2023 оны Улсын төсвийг өргөн барихдаа энэ оноос эхлэн “Тэтгэвэр авч байгаа иргэн төрөөс цалинжихгүй байх” зохицуулалтыг хийж өгсөн. Өнөөдрийн байдлаар 5000 орчим иргэн тэтгэвэрт гарсан хэдий ч давхар төрөөс цалинжиж байна.
Тэтгэвэрт гарсан орон нутгийн зарим иргэд сургуулийнхаа хүсэлтээр ажиллаж байгаа тохиолдол байна. Нөгөө талдаа зүгээр тэтгэвэр авангаа төрөөс давхар цалинжаад явж байгаа тохиолдол ч байна. Ийм учир энэ ялгаа заагийг бодолцож, зохицуулалт хийнэ.
Монголын төр бүх шатандаа хуулиа ягштал барьдаг байх ёстой.Ийм учраас Шүүр ажиллагааг хэрэгжүүлж төрийн албыг цэвэрлэж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: