"Хүнсний Хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Мед импекс" интэрнэйшнл компани өөрсдийн санаачилгаар Пестицидийн үлдэгдлийг шинжлэх орчин үеийн дэвшилтэд лабораторийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцлоо. Тус лаборатори нь MNS/ISO/17025 2018 стандартыг хэрэгжүүлэн итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилан хэрэгжүүлж байгаа "Хүнсний Хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэрлэлээс гадна, хүнсний бүтээгдхүүний чанар аюулгүй байдлыг сайжруулахад ач холбогдол өгч буй энэ цаг үед Пестицидийн үлдэгдлийг шинжлэх Демо лаборатори нээгдэж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал юм. Энэ нь тус чиглэлээр үндэсний чадавхийг бэхжүүлэх, улмаар экспорт, импортын бүтээгдхүүнд зайлшгүй хийгдэх ёстой шинжилгээг гүйцэтгэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Монгол улсад пестицидийн үлдэгдлийн шинжилгээг хийх чадамж, эрх зүйн орчныг улам сайжруулснаар бид экспортын бүтээгдэхүүнээ шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулах, мөн импортоор оруулж ирж буй хэдэн зуун мянган тонн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд ч гэсэн химийн гаралтай бохирдол байгаа эсэхийг хянах боломж бүрдэнэ" гэдгийг онцоллоо.
Газар тариалангийн салбарт ургамал хамгааллын бүтээгдэхүүн буюу пестицидийг ургамлын өвчин, хортон шавж, хог ургамалтай тэмцэх, нэгжээс авах, ургацыг нэмэгдүүлэхийн тулд өргөн хүрээнд хэрэглэдэг, зайлшгүй чухал орцуудын нэг болсон. Манай оронд мөн жил ирэх тусам импортоор оруулж ирж буй пестицидийн нэр төрөл болон хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй уялдаад пестицидийн үлдэгдлийг хянах асуудал зайлшгүй гарч ирж байна.
Олон улсын түвшинд хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байж болзошгүй химийн бодисуудаас үүдэлтэй бохирдлууд, ялангуяа органик бохирдлуудыг улс орнуудыг заавал шалгаж, хянадаг. Мөн энэ чиглэлээр баталж гаргасан стандарт шаардлагуудыг мөрдөж байхыг зөвлөдөг бөгөөд олон улсын хүнсний бүтээгдэхүүний худалдаанд эдгээр стандарт дүрэм журмыг нэвтрүүлж байхыг шаарддаг билээ.
"Мед импекс" компанийн хувьд аналитик лабораторийн өндөр хүчин чадалтай багажуудыг Монгол улсын зах зээлд ханган нийлүүлж байсан олон жилийн туршлагатай бөгөөд эдгээр багажийн хэрэглээг нутагшуулах, хэрэглэгчдийг чадваржуулах чиглэлээр төрөл бүрийн ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр иржээ. Тэдний хийсэн судалгаагаар Монгол улсын пестицидийн үлдэгдлийг шинжлэх лабораторийн чадамжийг олон улсын түвшинд хүргэх шаардлага, хэрэгцээ байгаа гэж үзсэн байна. Ийм учраас 2020 оны сүүлээс Демо лабораторийг байгуулах төслийг хэрэгжүүлсэн болохыг танилцууллаа.
Нээлтийн үйл ажиллагаагаа хийж буй Демо лабораторийн итгэмжлэлийн хүрээг 31 нэр төрлийн пестицидийг жимс, хүнсний ногоо, үр тариа, зөгийн баланд Хроматографийн багажуудаар хийхээр тогтоосон бөгөөд цаашид Монгол улсад импортлохыг зөвшөөрсөн бүх пестицид болон хөрш зэргэлдээ орнуудад өргөн хэрэглэдэг пестицидийн үлдэгдлийн шинжилгээг хийхээр төлөвлөж байгаа аж.