Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.06.22 13:11
6356
ТБХ: Онцгой албан татварын тухай хууль ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН!

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.22/ хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул  хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар үг хэлсний дараа Онцгой албан татварын тухай хуулийн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Тухайлбал, "Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй" гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60  хувь нь дэмжлээ.

Мөн "Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй" гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.